“Их сургуулийн дижитал шилжилт” хэлэлцүүлэг
ШУТИС-д “Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Японы Тохокү их сургуулийн дижитал шилжилтийн багийн төлөөлөгчид, Монгол Улсын холбогдох яамдын удирдлага, шинжээчид, дээд боловсролын салбарын судлаач, багш нар оролцож, их сургуулийн дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт, олон улсын туршлагыг хэлэлцэв.
Семинарын үеэр ШУТИС болон Тохокү их сургуулийн профессор нар дижитал шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь тавигдлаа. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь дижитал шилжилтийн стратеги боловсруулах, судалгаа, инновацын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хүний нөөц, чадавхыг хамтран хөгжүүлэх, дэвшилтэт технологи, туршлага нэвтрүүлэх чиглэлд өргөжин хөгжих суурь тавигдлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд дижитал шилжилтийг “сургалт, судалгаа, удирдлага болон өдөр тутмын үйл ажиллагааг өгөгдөл, дижитал орчинд суурилсан ажиллах шинэ загварт шилжүүлэх өөрчлөлт” гэж нийтлэг ойлгож байгааг онцоллоо. Мөн дижитал шилжилт нь зөвхөн технологи нэвтрүүлэх бус, харин ажиллах арга барилын өөрчлөлт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, байгууллагын соёлын шинэчлэл гэдгийг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.
Семинарын үеэр онцолсон үндсэн чиглэлүүд:
- Сургалтын дижитал шилжилт, онлайн болон холимог сургалтын хөгжил.
- Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх автоматжуулалт.
- Өгөгдөлд суурилсан удирдлага, нэгдсэн мэдээллийн систем.
- Цаасгүй, бүрэн дижитал орчинд шилжих.
- Судалгаа, инновац болон хиймэл оюуны хэрэглээ.
Тохокү их сургуулийн зүгээс дижитал шилжилтийг их сургуулийн бүх системийг хамарсан бүтцийн болон сэтгэлгээний өөрчлөлт хэмээн тодорхойлж, процессын уялдаа, өгөгдлийн интеграцад суурилсан хөгжлийн загварыг танилцуулав. Тус их сургуулийн туршлага нь ШУТИС-ийн хувьд дижитал шилжилтийг хурдасгах, стратегийн түвшинд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
ШУТИС нь “Хөгжлийн стратеги–2030” болон удирдлагын бодлогын хүрээнд дижитал шилжилтийг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд Тохокү их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр олон улсын түвшний туршлага нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, дижитал их сургуулийн загварыг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү семинар, хэлэлцүүлэг нь их сургуулийн дижитал шилжилтийн чиг хандлага, бодлогын ойлголтыг нэгтгэхээс гадна ШУТИС болон Тохокү их сургуулийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан ач холбогдолтой үйл явдал боллоо.
Арга хэмжээний зургууд

Зураг 1. ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Зураг 2. Тохокү их сургуулийн Дата стратегийн албаны тусгай үүрэгт профессор Терао.Т (дунд талд), Олон улсын соёл судлалын Ахисан түвшний сургуулийн захирал профессор Юү.Ж (зүүн талд), Дижитал шилжилтийг дэмжих албаны менежер Ли.Ю (баруун талд) нар.

Зураг 3. Тохокү их сургуулийн тусгай үүрэгт профессор Терао.Т “Японы дижитал шилжилт, засгийн газрын дэмжлэг” илтгэлээрээ одоо болж буй үйл явцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.

Зураг 4. Тохокү их сургуулийн Дижитал шилжилтийг дэмжих албаны менежер Ли.Ю “Тохокү их сургуулийн дижитал шилжилт” илтгэлээр одоогийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Зураг 5. Профессор Ч.Баасандаш ШУТИС-ийн багш, оюутан, мэргэжилтэн, төгсөгч зэрэг сонирхогч талуудаас “Заан тэмтрэх” (олон хүний байр суурийг нэгтгэн дүгнэх судалгааны арга) буюу ШУТИС-ийн дижитал шилжилтийг нэг өгүүлбэрээр хэрхэн тодорхойлж буй судалгааны үр дүнг танилцуулав. Судалгааны дүнгээс үзвэл нийт оролцогчид дижитал шилжилтийг “Бүтээмжийг дээдэлсэн, өгөгдөлд суурилсан, хүнд ээлтэй шинэ соёлын үйл явц” хэмээн үзэж буй нь нийтлэг ажээ.

Зураг 6. ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Тохокү их сургуулийн тусгай үүрэгт профессор Терао.Т нар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Зураг 7. Зүүн талаас Тохокү их сургуулийн тусгай үүрэгт профессор Терао.Т, Дижитал шилжилтийг дэмжих албаны менежер Ли.Ю нарт ШУТИС-ийн хүндэтгэлийн талбарыг танилцуулж, дурсгалын зураг татуулав.

Зураг 8. “Их сургуулийн дижитал шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгуулагчид, оролцогчид.
Эх сурвалж
- Тохокү их сургуулийн DX веб хуудас
- Тохокү их сургуулийн мэдээ
- Тохокү их сургуулийн “DX Alliance”-д хувь хүн ч нэгдэх боломжтой (одоогоор зөвхөн япон хэл дээр)